УНГАР УЛСТАЙ ҮЙЛДВЭРЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ПАРКИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР САНАЛ СОЛИЛЦЛОО

“Эрдэнэс ҮТП” ХХК-ийн Төсөл хөгжүүлэлт, удирдлагын газрын дарга Г.Ганхуяг болон холбогдох мэргэжилтнүүд Унгар Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Др. Обрущанский Борбала, Гадаад худалдаа, хамтын ажиллагааны зөвлөх Г.Энхтөр нартай албан уулзалт хийлээ.

Уулзалтын үеэр Монгол Улсын аж үйлдвэржилтийг эрчимжүүлэх бодлогын хүрээнд байгуулагдсан зургаан Үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагаа, хөгжлийн зорилт, хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийн талаар танилцуулж, паркуудын дэргэд хэрэгжиж буй хүний нөөцийн хөгжлийн хөтөлбөрүүдийн талаар харилцан мэдээлэл солилцов.

Талууд цаашид дараах чиглэлээр хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжийг судлан ажиллахаар санал нэгдэв.

Үүнд:

  • Үйлдвэрлэл, технологийн паркуудад шаардлагатай инженер, техникийн болон мэргэшсэн ажиллах хүчнийг бэлтгэх, хүний нөөцийн чадавхыг богино хугацаанд бэхжүүлэх сургалт, хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх.
  • Үйлдвэрлэл, технологийн паркуудад хөрөнгө оруулалт татах, бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийг хамтран судлах
  • Монгол, Унгарын аж үйлдвэрлэл, технологи, инновацын чиглэлээр харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжийг эрэлхийлэх.
  • Уулзалтын төгсгөлд талууд хэлэлцсэн санал, санаачилгуудыг ажил хэрэг болгон үргэлжлүүлж, хамтын ажиллагааны тодорхой чиглэлүүдийг нарийвчлан судлан хэрэгжүүлэхэд хамтран ажиллахаа илэрхийллээ.

Leave a Comment

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн