МОНГОЛ, ЯПОНЫ ХАМТАРСАН АЖЛЫН ХЭСЭГ БАГАНУУРЫН НҮҮРСНИЙ УУРХАЙД АЖИЛЛАЛАА

SATREPS хөтөлбөрт хамрагдах бэлтгэл ажлын хүрээнд Монгол, Японы хамтарсан ажлын хэсэг Багануурын нүүрсний уурхайд ажиллалаа.

Ажлын хэсэгт “Дай Ниппон Инженеринг Консалтантс” ХХК (Dia Nippon Engineering Consultants), Муроран Технологийн Институт, Монгол Улсын Их Сургууль, DGI ХХК, “Эрдэнэс ҮТП” ХХК болон “Багануур” ХК-ийн төлөөлөл оролцов.

Уг төслөөр Багануурын уурхайн балансын бус нүүрсийг газрын гүнд нь хийжүүлэх, үүссэн хийг гэр хороолол болон орон нутгийн дулаан хангамжид ашиглах мөн цахилгаан станц, уурын зуухны утаанаас ялгарч буй CO₂-ыг барьж авч, кальцийн карбонат болгон эрдэсжүүлэн барилгын материал үйлдвэрлэх боломжийг судлах юм.

SATREPS нь байгаль орчин, эрчим хүч, байгалийн нөөц, уур амьсгалын өөрчлөлт зэрэг дэлхий нийтийн тулгамдсан асуудлыг шинжлэх ухаан, технологийн дэвшилд тулгуурлан шийдвэрлэх олон улсын хамтарсан судалгааны хөтөлбөр юм. Тус хөтөлбөрийг Японы Шинжлэх ухаан, технологийн агентлаг (JST) болон Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (JICA) хамтран хэрэгжүүлдэг.

Төсөл амжилттай хэрэгжсэнээр уламжлалт аргаар ашиглах боломж хязгаарлагдмал нүүрсний нөөцийг эдийн засгийн эргэлтэд оруулах, гэр хорооллын дулаан хангамжийн шинэ эх үүсвэр бий болгох боломж бүрдэнэ. Түүнчлэн түүхий нүүрсний хэрэглээ, агаарын бохирдол болон дулааны цахилгаан станцын нүүрсхүчлийн хийн ялгарлыг бууруулж, нүүрсний үнс, CO₂-ыг дахин ашиглах эдийн засгийн шийдлийг хөгжүүлэх ач холбогдолтой юм.

Leave a Comment

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн