БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ХҮНИЙ НӨӨЦ БЭЛТГЭХ ЧИГЛЭЛЭЭР ДӨРВӨН ТАЛТ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ УУЛЗАЛТ БОЛЛОО

Монгол Улсын аж үйлдвэржилтийн хөгжлийг дэмжих, үйлдвэрлэл, технологийн салбарт шаардлагатай инженер, техникийн мэргэжилтнийг бэлтгэх чиглэлээр Монгол Улс, БНХАУ-ын их, дээд сургууль, аж үйлдвэрийн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх дөрвөн талт уулзалт өнөөдөр ШУТИС-д боллоо.

Уулзалтын үеэр ШУТИС-ийн Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн дэргэд “Хятад-Монголын хамтарсан олон улсын инженерийн тэнхим” болон “Сургалт, судалгааны төв” байгуулах асуудлыг хэлэлцэж, хамтын ажиллагааны зорилго, хэрэгжүүлэх үе шат, цаашдын төлөвлөгөөний талаар талууд санал солилцов.

Түүнчлэн Монгол Улсын аж үйлдвэрийн салбарын хөгжлийн зорилт, үйлдвэрлэл, технологийн паркуудын үйл ажиллагаатай уялдсан инженер, техникийн мэргэжилтэй хүний нөөцийн эрэлт хэрэгцээ, мэргэжилтэн бэлтгэх бодлого, сургалт, судалгааны орчныг хөгжүүлэх асуудлыг онцлон ярилцлаа.

Хамтарсан уулзалтад “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-ийн Хууль, хүний нөөцийн газрын дарга Д.Лхамжав, Хамтын ажиллагааны хэлтсийн менежер Т.Төрбадрах, “Эрдэнэс ҮТП” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Мөнх-Идэр, ШУТИС-ийн ректор Т.Намнан, Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн захирал Б.Тунгалагтамир, БНХАУ-ын Уул уурхайн технологийн их сургуулийн ерөнхийлөгч Чжан Жисюн, БНХАУ-ын Гэрчилгээжүүлэлт & Магадлан Шалгалтын Монгол Хонгконгийн ХХК-ийн ерөнхий менежер Бао Юнган болон холбогдох албаны төлөөлөл оролцов.

Талууд дэвшилтэт технологи, инженерийн шинжлэх ухааны чиглэлээр хамтарсан сургалт, судалгаа хэрэгжүүлэх, багш, оюутан, судлаачдын солилцоог өргөжүүлэх, үйлдвэрлэлд түшиглэсэн дадлага, сургалтын тогтолцоог хөгжүүлэх боломжийг хэлэлцлээ. Мөн аж үйлдвэрийн салбарын бодит хэрэгцээнд нийцсэн, орчин үеийн технологи эзэмшсэн инженер, техникийн мэргэжилтэн бэлтгэх чиглэлээр хамтран ажиллах талаар санал нэгдэв.

“Хятад-Монголын хамтарсан олон улсын инженерийн тэнхим” болон “Сургалт, судалгааны төв” байгуулах санаачилга нь хоёр улсын инженер, технологийн боловсрол, судалгааны байгууллага болон аж үйлдвэрийн салбарын хамтын ажиллагааг нэгтгэж, Монгол Улсын аж үйлдвэрийн хөгжлийн зорилтод нийцсэн хүний нөөц бэлтгэх, инновац, технологийн хөгжлийг дэмжих чухал алхам болох юм.

Цаашид талууд хамтын ажиллагааны чиглэл, хэрэгжүүлэх төлөвлөгөөг нарийвчлан боловсруулж, инженер, технологийн боловсрол болон аж үйлдвэрийн салбарын уялдааг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар санал нэгдлээ.

Leave a Comment

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн