Үйлдвэрлэл, технологийн паркийн удирдлагын “Эрдэнэс ҮТП” ХХК, Шинжлэх ухаан, технологийн их сургууль (ШУТИС), БНХАУ-ын Уул уурхайн технологийн их сургууль хамтран ШУТИС-ийн Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн дэргэд “Хятад-Монголын хамтарсан олон улсын инженерийн тэнхим” болон “Сургалт, судалгааны төв” байгуулах хамтын ажиллагааны Санамж бичигт гарын үсэг зурлаа.
Санамж бичигт гарын үсэг зурах ёслол өнөөдөр /2026.09.15/ ШУТИС-ийн Эрдмийн зөвлөлийн хурлын танхимд болж “Эрдэнэс ҮТП” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Мөнх-Идэр, ШУТИС-ийн ректор Т.Намнан, БНХАУ-ын Уул уурхайн технологийн их сургуулийн ерөнхийлөгч Чжан Жисюн, БНХАУ-ын Гэрчилгээжүүлэлт & Магадлан Шалгалтын Монгол Хонгконгийн ХХК-ийн ерөнхий менежер Бао Юнган нар гарын үсэг зурав.
Хамтын ажиллагааны хүрээнд Хятад-Монголын цогц стратегийн түншлэлийн хүрээнд инженер, техникийн боловсон хүчинд зориулсан сургалт зохион байгуулах, магистр, докторын түвшний оюутнуудын шинжлэх ухаан, технологийн инновац, инженерийн практик ур чадварыг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана.
Мөн үйлдвэрлэлийн бодит хэрэгцээнд нийцсэн, орчин үеийн технологи эзэмшсэн, инновац шингээсэн инженер, техникийн мэргэжилтэн бэлтгэх сургалт, судалгааны орчныг бүрдүүлэхэд талууд анхаарч ажиллах юм.
“Сургалт, судалгааны төв” нь инженер, технологийн боловсрол, шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг уялдуулах, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, шинэ технологи, инновацийг үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд чиглэсэн хамтын ажиллагааны нэг чухал суурь болох юм.




