“Эрдэнэс ҮТП” ХХК-ийн Стратеги төлөвлөлт, судалгааны газрын дарга Д.Цолмонтуяагаар ахлуулсан мэргэжилтнүүд нийслэлийн Багахангай дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй “Ян сарьдаг оргил” ХХК-ийн кокс-эрчим хүчний үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцлаа.
Тус үйлдвэр нь Хөвсгөл аймгийн Могойн гол, Өвөрхангай аймгийн Баянтээг, Ховд аймгийн Хөшөөтийн уурхайгаас нүүрс татан авч үйлдвэрт ашигладаг. 2026 онд туршилтын горимоор ажиллаж 1000 орчим тонн нүүрсийг коксжуулан боловсруулж, БНХАУ -д экспортлоод байгаа талаар үйлдвэрийн удирдлагууд танилцууллаа.
Мөн коксын хийг ашиглан 56 МВт-ын цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байна. Түүнчлэн коксын үйлдвэрлэлийн хаягдлыг дахин боловсруулж, галд тэсвэртэй тоосго үйлдвэрлэн коксын зуух болон барилгын бүтээн байгуулалтад ашиглаж байгаа нь үйлдвэрийн онцлог юм.
Танилцах ажлын хүрээнд мэргэжилтнүүд нүүрсний агуулах, угаах үйлдвэр, шахан нягтруулах, коксжуулах болон эцсийн бүтээгдэхүүн савлах зэрэг үйлдвэрлэлийн үе шаттай газар дээр нь танилцлаа.
Цаашид Багануур ҮТП-д хэрэгжүүлэх нүүрс-пиролиз, эрчим хүчний үйлдвэрийн төслийн хүрээнд хамтын ажиллагааны боломжийн талаар санал солилцлоо.





