ГЕРМАН–МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙН ХОРООНЫ 11 ДҮГЭЭР ХУРАЛДААНААР ҮЙЛДВЭРЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ПАРКУУДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН БОЛОМЖИЙГ ТАНИЛЦУУЛЛАА

Герман–Монголын Эдийн засгийн хорооны 11 дүгээр хуралдаан 2026 оны аравдугаар сарын 21-ний өдөр Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Берлин хотноо зохион байгуулагдлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ХБНГУ-д хийж буй төрийн айлчлалын хүрээнд болсон тус хуралдааныг Монгол–Германы Эдийн засгийн хорооны дарга, “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Даваадалай нээж, хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааг бодит төсөл, хөтөлбөрөөр өргөжүүлэхийн ач холбогдлыг онцоллоо.

Хуралдааны үеэр уул уурхай, стратегийн ач холбогдол бүхий түүхий эд, боловсруулах үйлдвэрлэл, эрчим хүч, дэд бүтэц, хөрөнгө оруулалт болон технологийн хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.

Энэ хүрээнд “Эрдэнэс ҮТП” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Мөнх-Идэр “Үйлдвэрлэл, технологийн паркуудын хөрөнгө оруулалтын боломж” сэдэвт танилцуулга хийж, Монгол Улсын эрдэс баялгийн нөөцөд тулгуурлан нэмүү өртөг шингэсэн боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэх, дэвшилтэт технологи нэвтрүүлэх, гадаадын хөрөнгө оруулалт татах боломжийг танилцууллаа.

Түүнчлэн уул уурхайн хайгуул, олборлолтын технологийг боловсронгуй болгох, ашигт малтмал боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр Германы аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллах, үйлдвэрлэл, технологийн паркуудын хүрээнд хөрөнгө оруулалт, технологийн түншлэлийг өргөжүүлэх боломжийн талаар хэлэлцэв.

Мөн Монгол Улсын нар, салхины эрчим хүчний нөөц болон Германы компаниудын технологи, туршлагад тулгуурлан сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хамтарсан төсөл хэрэгжүүлэх, эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх асуудлыг хөндлөө.

Хуралдаанаар хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, хөрөнгө оруулалтад тулгарч буй сорилтуудыг хамтран шийдвэрлэх, эрх зүйн орчны шинэчлэлд тулгуурлан бизнесийн түншлэлийг бэхжүүлэхийн зэрэгцээ шинэ хамтын ажиллагааны боломжийг тодорхойлох нь чухал болохыг онцолсон юм.

“Эрдэнэс ҮТП” ХХК нь үйлдвэрлэл, технологийн паркуудыг хөгжүүлэх замаар Монгол Улсын эрдэс баялгийг эдийн засгийн эргэлтэд үр ашигтай оруулах, боловсруулах үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, гадаадын хөрөнгө оруулалт болон дэвшилтэт технологийг татах зорилгоор олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэн ажиллаж байна.

Leave a Comment

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн